-
И-мэйл:
info@discenter.ub.gov.mn
- САНАЛ ӨГӨХ
Онцлох мэдээ
2021 оны Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны концепт Нэгдлээ
Ерөнхий мэдээлэл
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр) 12-р сарын 10-ны (Олон улсын хүний эрхийн өдөр) хооронд тохиодог бөгөөд 1991 оноос хойш ЖСХ болоод охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн. Энэ жил тус аяны 30 жилийн ой тохиож байгаа онцгой жил болж байна. Монгол улсад энэхүү аяныг анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) зохион байгуулж байсан бөгөөд түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад ЖСХ-ийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн орж ирсэн билээ.
2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол улсын хууль батлагдсан болон 2018 онд ЖСХ-ийн Үндэсний хэмжээний анхны судалгааны үр дүнг танилцуулсантай холбогдуулан хуулийн болон ЖСХ/ГБХ-ийн тархалтын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг дэмжих, судалгааны мөрөөр зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор өмнөх жилүүдэд 16 хоногийн аяныг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд илүүтэй чиглүүлсэн. Тус судалгааны дүнгээр, Монгол эмэгтэйчүүдийн 31.2% нь дотны хамтрагчийнхаа зүгээс үйлдсэн бие махбодын болоод бэлгийн хүчирхийлэлд амьдралынхаа аль нэг үед өртөж байсан байна. Цаашилбал, бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3%, бэлгийн хүчирхийлэлд 14% нь өртсөн гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн дийлэнх нь гэр бүлийн аль нэг гишүүний зүгээс үйлдэгдсэн байна. ЖСХ-ийн тархалтын энэхүү тоо мэдээлэл нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал байгааг харуулж байгаа бөгөөд ялангуяа КОВИД 19 цар тахал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн улмаас гэр бүлийн хүчирхийллийн гаралт 2020 оны сүүл болон 2021 оны эхний хагаст эрчимтэй нэмэгдсэн. 2017 оноос хойш тогтмол буурч байсан гэр бүлийн хүчирхийллийн хүнд болон давтан гэмт хэргийн тоо 2020 оны 1 дүгээр улирлаас эхлэн өссөн нь цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө ЖСХ-ийн нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх хүчин зүйл болсон байх өндөр магадлалтай. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэр бүлийн хүчирийллийн зөрчлийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа нь хүчирхийллийн хохирогчид хөл хорионы үед хүчирхийлэгчтэй байнга хамт байх шаардлагатай байснаас нөхцөл байдал бүр их хүндрээгүй л бол тусламж эрэх боломж нь хязгаарлагдмал байсантай холбоотой гэж болох юм.
Гэвч, ЖСХ–ийг ихэвчлэн “эмэгтэйчүүдэд хамаатай” асуудал гэж харж зөвхөн хохирогчийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарахад ихэнх үйл ажиллагаа чиглэж ирсэн. Хэдийгээр эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч тэднийг энэ асуудлын гадна үлдээсээр байна[1]. Түүнчлэн хэдийгээр тооны хувьд цөөнч гэсэн сүүлийн үед эрэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болох хандлага бас ажиглагдаж байна. ЖСХ-ийн тохиолдлуудыг азгүй тохиолдол, хувийн асуудал гэж харснаар олон нийт энэ асуудалд хөндлөнгөөс оролцох учиргүй гэсэн хандлага одоог хүртэл байсаар байна. Үүний шалтгаан нь хүмүүс, ялангуяа эрэгтэйчүүд, хөвгүүд өөрсдийгөө хүчирхийлэгч болон хохирогч гэж үзэхгүй байгаагаас асуудлыг тэр бүр бодитойгоор ойлгохгүй байгаатай олон талаар холбоотой. Харин, хохирогчдыг сул дорой, өөртөө итгэлгүй арчаагүй, эсвэл хэт задгай гэх, хүчирхийлэл үйлдэгчийг зөвхөн онцгой харгис зан авиртай, тодорхой нөхцөл байдлын улмаас хүчирхийлэл үйлддэг тусгай хэсэг бүлэг, буюу муу хүмүүс гэх харсаар ирсэн. Гэвч бодит байдал дээр хохирогч, хүчирхийлэгчийн аль аль нь хүйсээс үл хамааран хүмүүсийн боддог шиг ямар нэг онцлог шинжтэй хэсэг бүлэг хүмүүс биш энгийн л иргэд байдаг бөгөөд ЖСХ/ГБХ хэнд ч тохиолдож болно, мөн хүчирхийлэлтэй тэмцэхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг ойлгуулах шаардлага байсаар байна.
Энэ үүднээс, энэ жилийн аяныг ЖСХ/ГБХ нь хүн бүрт хамаатай асуудал гэсэн үндсэн агуулгыг олон нийтэд хүргэх, хамгийн энгийн хэлбэрийн хүчирхийллийн тохиолдлыг зүгээр хараад өнгөрүүлэх нь олон нийт тухайн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, хор хөнөөл бүхий ийм үйлдэл үргэлжлэх боломжийг олгож байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьж байна. Энэ хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдийг олноор татан оролцуулж, ЖСХ/ГБХ-ийг таслан зогсооход тэдний манлайлал, идэвхитэй оролцоог хангахад онцлон анхаарна. ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, таслан зогсоох шаардлага хэзээ хэзээнээс илүү чухал байгаа энэ цаг үед засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншлэлийн байгууллагууд, ИНБ-ууд өөр өөрийн давуу талуудыг ашиглан энэ жилийн 16 хоногийн аяныг хамтран зохион байгуулах, нэгдсэн дуу хоолойгоо өргөж, санхүүжүүлэхээр нэгдэж байна.
2021 онд 16 хоногийн аяны 30 жилийн ой тохиож байна. 30 жилийн ойн энэхүү онцгой жил Дэлхийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Төв (анх 16 хоногийн аяныг санаачилсан байгуулага) НҮБ-ын Хүн амын сантай хамтран эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн болж төрсөнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэр ч бүү хэл амь насыг хөнөөхийн эсрэг (femicide) сэдвийн хүрээнд зохион байгуулахаар уриалан зарлалаа. Өнөөдөр дэлхий дахиныг хамраад байгаа цар тахалтай зэрэгцээд ЖСХ далд цар тахал болон тархаж, өдөр бүр дэлхий дээр 137 эмэгтэй өөрийн гэртээ харж хамгаалах үүрэгтэй хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хоорондох эрх мэдэл, хүчний ялгаа, энэ талаархи олон жилийн туршид хэвшиж тогтсон хэвшмэл ойлголт нь “дэлхий дээрх хамгийн урт хугацаанд амь бөхтэй оршиж байгаа шудрага бус явдал” хэмээн онцолжээ. Тэгвэл НҮБ-ын Хүн амын сангийн Ерөнхий захирал Наталиа Канем хэлэхдээ “Бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл бидний амьдарч байгаа энэ цаг үед үгүй болох ёстой. Эмэгтэйчүүд ахиад 50, 100 жил хүлээж чадахгүй. Охид, эмэгтэйчүүд хангалттай удаан хүлээлээ” гэсэн юм. Монгол улсын хувьд сонгон авсан аяны сэдэв нь дэлхий дахинаа зарлаж буй сэдэвтэй нягт уялдаатай бөгөөд ЖСХ-ийн эсрэг тэмцэхийг хүн бүхэнд уриалж байгаа билээ.
2021 оны аян
2016 болон 2017 онуудад, 16 хоногийн аяныг “shock-factor буюу олон нийтийн цочроох замаар анхаарлыг хандуулах” арга зүйг ашиглан ЖСХ/ГБХ-ийн таагүй үнэн болон хор уршгийг олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэ асуудалд хандуулах, энэ асуудал нь манай орны хувьд яаралтай шийдвэрлэх асуудлын түвшинд хүрсэн гэдгийг бүхий л талуудад ойлгуулах зорилгыг агуулсан. Харин 2018, 2019 онуудад, аяны сэдэв уриа нь илүүтэй хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх эерэг өнгө агуулгыг багтаасан, эерэг харилцааны болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эерэг зан үйл, арга хэлбэрүүдийг уриалсан агуулгын доор зохион байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл харилцааг гэр бүл, нийгэмд бий болгоход туслах сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн эрүүл дадал зуршлыг сурталчилсан агуулгыг багтаасан байсан бол 2020 оны хувьд өмнө өгүүлсэнчлэн, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газар, бүхий л орчинд ЖСХ-ийг таслан зогсоохыг уриалсан.
КОВИД19 цар тахлын нөхцөлд ЖСХ/ГБХ-ийн тохиолдол эрс өсч, мөн шинж чанарын хувьд илүү харгис шинжтэй болж байгаа энэ үед ЖСХ/ГБХ-нь тодорхой хэсэг бүлэг хүн, байгууллага, салбарын хамаарах асуудал биш харин хүн бүрт хамаатай асуудал учраас ЖСХ/ГБХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн идэвхитэй оролцоо чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, дэмжихэд чиглэгдэнэ
Энэ хүрээнд санал болгож буй энэ жилийн ерөнхий сэдэв: “GBV matters to everyone”
“ЖСХ нь хүн бүхэнд хамаатай”
ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ
ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭНИЙГ Ч ТОЙРОХГҮЙ
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА
ЖСХ –ийн ЭСРЭГ ХАМТДАА
ЖСХ –ийн ЭСРЭГ НЭГДЭЕ
Санал болгож буй уриа:
“Lead by your example”: “Манлайлагч байцгаая: хүчирхийллийн эсрэг тууштай зогсож, дуу хоолойгоо өргөе”: Энэхүү уриа нь хүчирхийллийг таслан зогсооход хувь хүн бүрийг хариуцлагатай байж ямар нэг арга хэмжээ, үйлдэл хийхийг уриалж байгаа юм. Хийж болох үйлдлийн хувьд маш энгийнээс эхлэнэ; найзуудыгаа хэн нэгний талаар наргиа болгон бэлгийн сэдэлтэй, зүй бусаар ярьж байгааг зогсоох гэх мэт. Үндсэн мессежийн ашиглаж болох хувилбарууд:
#өөрөөрөө үлгэрлэе
Үйлдлээрээ үлгэрлэе
Үйлдлээрээ манлайлагч байя,
Үгээрээ үлгэрлэж, үйлдлээрээ манлайлая
Үгээрээ ч, үйлдлээрээ ч үгүй гэдгээ илэрхийл
Хүчирхийллийг бус хайрыг түгээе
Хамтдаа цэглэе#ЖСХ
Хохироогч байхгүй бол хохирогч байхгүй
Хүчирхийллийн эсрэг тууштай зогсоё
Үйлдэгдэж буй хүчирхийлэл бүхэн бид бүгдэд #хамаатай.
“You too….”: “Та ч бас ......”
Та ч бас?
Та хүчирхийлэл үйлдээд байгаа юм биш биз!
Хохирогч болсноо мэдээгүй байгаа юм биш биз!
#илжиг биш аврагч бай! (“эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдгээс үүдэлтэй)
Үүний араас хүчирхийлэгч эсвэл хохирогчийн үүднээс өгүүлбэрийг гүйцээж, “Та ч бас нөгөө хүйсийн хүндээ эерэг, хүндэтгэлтэй хандаж чадахгүй бол хүчирхийлэгч болж болно”, “Та ч бас хэзээ ч надад тийм зүйл тохиолдохгүй гэж бодож байсанч хамтрагчийнхаа хүчирхийлэлийн хохирогч болж болно” гэх мэт мессежийг хүргэнэ. Энэ нь ЖСХ хаана ч, хэзээ ч гарч болно, хэн ч хохирогч болж болно, мөн ЖСХ-ийг хэн ч үйлдэж болно гэсэн ойлголтыг хүмүүст өгах замаар хүн бүр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах мөн өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, зан үйлээ эерэг болгох боломжийг олгох юм.
Энэхүү ерөнхий сэдэв болон уриа мессежүүдээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байгаа нэг арга зүй бол “Хөндлөнгөөс нөлөөлөх буюу Bystander Approach” бөгөөд хөндлөнгийн ажиглагчид нь найз нөхөд, гэр бүл, хамтран ажилладаг хүмүүс, багийн гишүүд хэн ч бай ЖСХ/ГБХ-ийн ямар нэгэн тохиолдолтой нүүр тулсан тохиолдолд түүнийг таслан зогсоох ямар нэгэн үйлдэл хийх ёстой гэсэн санааг энэхүү арга зүйгээр дэвшүүлсэн.
Энэ зорилгоор, өөрсдийн зан үйл, авирыг ойлгох, эрүүл бус зан үйлийг олж таних, түүнийг таслан зогсоохын тулд юу хийх зэргийг ойлгох боломжийг олгох арга хэмжээг олон нийтийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй болдог. 2021 оны 16 хоногийн аян нь хувь хүмүүсийг тэдний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа ЖСХ-ийн эсрэг зогсож, манлайлан оролцох боломжийг бүрдүүлэх тийм орон зайг олон нийтийн дунд бий болгох, үлгэр дууриал үзүүлэхүйц чадавхи эзэмшихэд нь туслахуйц тийм арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Аяныг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын зүгээс дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
НҮБ-ын Хүн амын сан болоод хэрэгжүүлэгч байгууллагуудын хэрэгжүүлэх ажлууд:
Аяныг эхлүүлэх Хэвлэлийн бага хурал: 11 сарын 25-нд Засгийн газрын ордонд УИХ-ын гишүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн Үндэсний Хороо болон бусад байгууллагууд
ЖС Х-ийн асуудлаархи цуврал хэлэлцүүлэгүүд: НҮБ-ын Хүн амын сан болон Европын холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар хамтран цахим цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр ЖСХ-ийн бодит байдал Монгол улсад ямар байгаа талаар мөн хүмүүс, олон нийт ЖСХ-ийг таслан зогсооход хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар мэргэжлийн хүмүүс болон шийлвэр гарагчид, залуучууд, олон нийттэй ярилцах юм. Цуврал хэлэлцүүлэг нь 5 цувралаас бүрдэх бөгөөд цувралыг эхлүүлж Дээд түвшний удирдлагуудын оролцсон ярилцлага болох бөгөөд үргэлжлээд 4 хэлэлцүүлгийг сонгосон бүлгийн хүмүүсийн дунд зохион байгуулна.
Эхлэл буюу Дээд түвшний удирдлагуудын оролцсон ярилцлага 11 сарын 29-нд болох бөгөөд Монгол улс дахь ЖСХ-ийн нөхцөл байдал, түүний хувь хүн, олон нийтэд үзүүлж буй нөлөөний талаар богино хэмжээний илтгэлийг НҮБХАС танилцуулах бөгөөд үргэлжлээд панел хэлэлцүүлгийг хувь хүний, байгууллагын, цаашлаад үндэсний хэмжээнд ЖСХ-тэй тэмцэхэд шаардлагатай стратеги, хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар ярилцах болно. Үргэлжлэл 4 зорилтот хэлэлцүүлгүүдийг 12 сарын 2, 3, 6, 8-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд доор бүлгийн хүмүүс оролцоно. Үүнд:
Их сургуулийн оюутнууд,
Эрэгтэйчүүд (ялангуяа аав нар),
Залуу ажилтнууд (ялангуяа эмэгтэйчүүд),
ЛГБТ буюу бэлгийн цөөнх.
“Хөндлөнгийн ажиглагчаас Нөлөөлөгч болох нь” (From Bystander to Action) арга зүйг танилцуулах сургалтууд:
Энэ жилийн ерөнхий сэдэв нь хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас нөлөөлөгч болох аргазүйг түгээх юм. Энэ нь хөндлөнгийн ажиглагчид буюу найз нөхөд, гэр бүл, хамтран ажилладаг хүмүүс, танилууд, цаашлаад олон нийт нийгмээрээ нөлөөлөх зөв арга зүйг эзэмшснээр ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэж чадна гэсэн санааг агуулна.
Энэхүү сургалтыг, НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн Ерөнхий Газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэстэй хамтран дараах бүлгийн залуучуудад зориулан зохион байгуулна. Үүнд:
Их сургуулийн оюутнууд
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид (15 - 18 насны)
Хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг эрэгтэйчүүд
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлэгч байгууллагууд, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны ажилчид, орон нутгийн алба хаагч нарт цахим болон танхимаар хослуулан зохион байгуулна.
Бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх (БМХ) сургалтыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагууд болон ажилчдад зохион байгуулна. 16 хоногийн аяны нэг хэсэг болгож БМХ-ээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын амлалтын хүрээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагуудад сургалтыг 11 сарын 30-ны өдөр зохион байгуулна. Төлөөлж буй байгууллагынхаа удирдлагын хувьд БМХ-ийн тухай ойлголтууд, стратеги, бодлогуудын талаар бүрэн ойлголттой болох нь чухал бөгөөд энэхүү чухал асуудлын талаар өөрийн байгууллага, хамтран ажилладаг байгууллагууд цаашлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын бүх байгууллагуудад ухуулга, нөлөөлөл, мэдээллийг түгээх боломжийг олгох юм. Энэхүү үйл ажиллагаа нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түр ажиллагчид, зөвлөхүүд, хамтрагч талуудыг чадавхжуулах ажлын эхлэх болно.
Бидний дуу хоолой: ЖСХ-ийн даван туулагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, үйл ажиллагааг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв зохион байгуулна.
Хүйсээр ялгаварлах байдал, итгэл үнэмшил олон нийтийн дунд хэр тархсан байдлыг тандах зорилгоор богино асуулт хариулт буюу quiz-ийг олон нийтийн дунд цахимаар түгээнэ.
Аяны үндсэн сэдвийн хүрээнд постер, видеонууд бэлтгэнэ, түгээнэ.
Аяны үндсэн сэдвийн хүрээнд хөвгүүдэд зориулсан комик ном гаргана.
Цагаан туузтаны аяны үйл ажиллагаанууд (эрчүүд, хөвгүүдийг татан оролцуулах)
Аяны үндсэн сэдвийн хүрээнд олны танил хүнийг оролцуулсан Подкаст
НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүдийн хэрэгжүүлэх ажлууд:
НҮБ-ын байгууллагуудын хамтарсан мэдэгдэл, видео
Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, бусад гишүүн орнуудын Элчин сайдуудын видео
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) “Хүчирхийлэл ба Дарамт” судалгааны тайлангийн нээлтийг 11 сарын 29-нд хэвлэлийн бага хурал болон семинарын хамт зохион байгуулна.
С190 конвенци батлагдсантай холбоотой сурталчилах ажлуудыг ОУХБ явуулна. (УИХ дахь Эмэгтэй гишүүдтэй хэлэлцүүлэг хийх, постер хийж түгээх гэх мэт)
Боломжтой бол: Монгол улсын Төрийн 3 өндөрлөгтэй яриа өрнүүлж байгаа байдлаар видео хийх, түгээх.
Аяны хүрээнд зохион байгуулах ажлын үйл ажиллагааны нэгдсэн календарыг /урьдчилсан байдлаар/доорх холбоосоос харж болно:
//docs.google.com/spreadsheets/d/11Jy9t87RK9zKFL_LSj-s8UdJK9G9dLuA/edit?usp=sharing&ouid=112071838589541646264&rtpof=true&sd=true
Аяны үйл ажиллагааны үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд: Нийт хүрсэн хүний тоо Нийгмийн сүлжээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд хүргэсэн материал, нийтлэл, нэвтрүүлгийн тоо Аяны үйл ажиллагаанд зарцуулсан нийт санхүүжилт Аянаас өмнө болон аяны дараа ЖСХ/ГБХ-ийн мэдээлсэн байдлыг харьцуулсан тоо
Ашигласан материалууд: McMahon, Sarah & Farmer, Gregory. (2009). The Bystander Approach: Strengths-Based Sexual Assault Prevention With At-Risk Groups. Journal of Human Behavior in the Social Environment. 19. 1042-1065. Banyard, V. L., Plante, E. G., & Moynihan, M. M. (2004). Bystander education: Bringing a broader community perspective to sexual violence prevention. Journal of Community Psychology, 32, 61–79. Katz, J. (2012). Violence Against Women – it’s a men’s issue. TEDxFiDiWomen, retrieved from https://www.ted.com/talks/jackson_katz_violence_against_women_it_s_a_men_s_issue?language=en 1 Монгол улсад 2021 оны эхний хагаст бүртгэгдсэн ГБХ-ийн гэмт хэргийн үйлдэгдчдийн 95.8% нь эрэгтэйчүүд байв.